

Warren Buffet Америкийн банкны хувьцааг зарсаар
Warren Buffet АНУ-ын хоёр дахь том банк болох Bank of America-ийн эзэмшлээ багасгаж дахин 982 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцааг заржээ.
Түүний эзэмшлийн Berkshire Hathaway Inc. энэ оны 7 дугаар сараас Bank of America-ийн эзэмшлээ 13%-иар багасгаж 5.4 тэрбум ам.доллар хүлээн авсан байна.
Ямар шалтгааны улмаас хувьцааг нь ингэж зарах болсноо Warren Buffet тайлбарлаагүй юм. Түүнийг зарж эхэлхээс өмнө Bank of America-ийн хувьцаа он гарснаас хойш 31%-иар өссөн байсан бол зарж эхэлснээс нь хойш 10%-иар унаад байна.
Анх 2011 оноос Berkshire Hathaway Inc. Bank of America-ийн хувьцааг 5.0 ам.доллар байхад нь хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь 39.67 ам.долларт хаагдсан.
Гэхдээ Berkshire Hathaway Inc. тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч байсан хэвээр байгаа бөгөөд 35.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй 903.8 сая ширхэг хувьцааг нь эзэмшиж байна.