Responsive image
Энэ долоо хоногт болох онцлох үйл явдалууд

Өнгөрсөн 5 дахь өдөр ХНС-ийн ерөнхийлөгч Повелл "хүү бууруулах цаг нь болсон" гэж хэлсэнтэй холбогдуулан хувьцааны индексүүд болох S&P 500, NASDAQ, Dow Jones Industrial Average нар долоо хоногийн дотор 1% орчмоор өсөж S&P 500 түүхэн дээд түвшинд хүрэхэд ойрхон болсон байна.

Харин шинэ долоо хоногийн хамгийн хүлээлттэй байгаа үйл явдлын нэг нь яах аргагүй 3 дахь өдөр зах хаагдсаны дараа зарлагдах NVIDIA (NVDA) компанийн орлого, үр дүнгийн тайлан. NVDA-аас гадна энэ долоо хоногт тайлангаа тавих компаниуд бол Salesforce (CRM), Best Buy (BBY), Dell (DELL), Lululemon (LULU) нар байна.

Анхаарал татах эдийн засгийн мэдээ гэвэл 8-р сарын 29-ний өглөө зах нээгдэхээс өмнө 8:30 цагт өмнөх долоо хоногийн ажилгүйдлийн тоо гарна. Шинжээчид энэ тоог 235,000 байна гэж таамаглаж байгаа бол өмнөх 7 хоногийнх 232,000 байсан. Энэхүү үзүүлэлт шинжээчдийн таамаглалаас бага байвал хувьцааны үнэд эерэг нөлөөтэй бол өндөр гарсан тохиолдолд сөргөөр нөлөөлхөөр байна. Түүнчлэн, АНУ-ын 2 дугаар улирлын ДНБ-ийн хоёр дахь удаагаа тооцоолсон дүн гарна.

5 дахь өдөр буюу 8 дугаар сарын 30-ны өглөө мөн зах нээгдэхээс өмнө өрхийн гол хэрэглээний барааны инфляцийн үр дүн гарна. Шинжээчид энэхүү дүн өмнө жилийн мөн үетэй харьцуулсан өөрчлөлт нь 2.6% байх бол өмнөх сараас гарсан өөрчлөлт нь 0.2% байна гэж таамаглаж байна. Мэдээж шинжээчдийн таамаглалаас бага байвал хувьцааны үнэд эерэг нөлөөтэй бол өндөр гарсан тохиолдолд сөргөөр нөлөөлхөөр байна.