Responsive image
Apple-ийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Симбол: AAPL

Apple (AAPL)-ийн хувьцааны ханш пүрэв гаригт бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн нь Уолл Стрийтээс гаргасан итгэл үнэлгээний ачаар өсөлтийнхөө шинэ түвшинд хүрч байна.

Wedbush-ийн шинжээч Дэн Айвс Apple-ийн хувьцааны зорилтот үнийг $325 болгож өсгөсөн бөгөөд 2025 онд Тим Күүк удирддаг энэ технологийн аварга компани “хиймэл оюун ухаанд тулгуурласан өсөлтийн алтан эрин”-д хөл тавина гэж үзэж байна.

Айвс өөрийн тайландаа, “Apple хиймэл оюун ухаанд тулгуурласан iPhone-ийн шинэчлэлийн олон жилийн циклийн эхлэлд явж байгаа бөгөөд үүнийг зах зээл дутуу үнэлж байна” гэжээ. Тэрээр мөн “Ромыг нэг өдөрт бариагүйтэй адил Apple-ийн хиймэл оюуны стратеги ч богино хугацаанд бүрэлдэхгүй. Гэвч ‘Apple Intelligence’-ийн эхлэл тавигдаж байгаа бөгөөд энэ нь ирэх жилүүдэд Apple-ийн хэрэглэгчийн өсөлтийн түүхийг өөрчлөх болно” хэмээн дурдсан байна.

Пүрэв гаригт Apple-ийн хувьцааны ханш $260 хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байгаа ч дараахан нь бага зэрэг буурсан. Гэсэн хэдий ч хувьцааны ханш $259 дээр хаагдсан нь шинэ дээд амжилт болжээ. Сүүлийн сард тус компанийн хувьцааны ханш 11%-иар өсөж, Apple-ийн зах зээлийн үнэлгээ $4 их наяд руу ойртож байна.

Хүндрэлийн дараах сэргэлт

2024 оны эхээр Apple уналттай эхэлсэн ч оны төгсгөлд амжилттайгаар эргэж чадлаа. Энэ хугацаанд тус компани iPhone-ийн борлуулалтын уналт, Хятадын өрсөлдөөн, дотоод болон гадаад дахь өрсөлдөөн зэрэг олон сорилтой тулгарсан. Мөн iPhone 16-ын анхны нээлтийн үеийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн татаж чадаагүй юм.

Тэгвэл Apple-ийн хиймэл оюун ухааны стратеги болон iPhone-ийн эерэг борлуулалтын мэдээлэл олон шинжээчдийн өөдрөг байдлыг бий болгожээ. Тус компанийн 11-р сард гаргасан тайлан нь iPhone-ийн борлуулалтаар таамаглал давсан хэдий ч нийт орлогоороо хүлээлтэд хүрээгүй байна.

Өсөлтийг дэмжсэн хүчин зүйлс

11-р сараас эхлэн Apple-ийн хувьцааны ханш өсөж, шинэ өндөрлөгт хүрсэн бөгөөд MacBook Pro-ийн шинэ загварууд болон ChatGPT зэрэг Apple Intelligence-ийн AI онцлогуудыг iPhone, iPad, macOS дээр нэвтрүүлсэн нь үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд Apple-ийн хувьцааны ханш 11%-иар өссөн нь "Агуу долоон"-ы зарим гишүүдтэй харьцуулахад илүү амжилттай байв: Meta (META) 6.7%, Microsoft (MSFT) 4.4%, Nvidia (NVDA) 1%-ийн өсөлт үзүүлсэн байна.

Макро эдийн засгийн эрсдэл

Гэвч макро эдийн засгийн тодорхой бус байдал Apple-ийн өсөлтийг хязгаарлаж магадгүй юм. Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд ногдуулах Трампын тариф iPhone-ийн үнийг $256-гаар нэмэгдүүлж болзошгүй. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 2025 онд хүүг хүлээгдэж байснаас бага хэмжээгээр бууруулна гэсэн таамаг нь өндөр хүү, тогтворгүй инфляцийг хадгалж, хэрэглэгчийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.