Responsive image
Томоохон банкууд 2025 оны таамаглалдаа өөдрөг хандаж байгаагаа илэрхийллээ

Томоохон банкуудын удирдлагууд мягмар гарагт Трампын шинэ засаг захиргааны бодлого, АНУ-ын эдийн засгийн 2025 оны төлөв байдал, Холбооны Нөөцийн банкны хүүгийн бууралтын хүлээлттэй холбоотой таамаглалдаа өөдрөг хандаж байгаагаа илэрхийллээ.

JPMorgan Chase-ийн хэрэглэгчийн бизнес хариуцсан захирал Марианн Лэйк “Goldman Sachs”-ийн санхүүгийн үйлчилгээний чуулганд оролцохдоо, цэвэр хүүгийн орлого 2025 онд өмнөх таамаглалаас 2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж онцоллоо. Энэ өсөлт нь зөвхөн хүүгийн түвшний өөрчлөлтөөс үүдэлтэй аж.

Мөн тэрээр 2024 оны 4-р улиралд хөрөнгө оруулалтын банкны шимтгэлийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 45%-иар өсөх хүлээлттэй байгааг дурджээ. Харин арилжааны орлого жилийн өсөлт "дунджаас өндөр хувиар буюу бага зэрэг нэмэгдэх" хандлагатай байна гэжээ.

Citigroup-ийн санхүүгийн захирал Марк Мэйсон, банкны 2024 оны орлогын хүлээлт болох 80-81 тэрбум ам.долларын "дээд хязгаарт" хүрнэ гэдгийг онцолжээ. Тус банкны хөрөнгө оруулалтын банкны шимтгэлийн орлого 4-р улиралд 25-30%-иар өсөх төлөвтэй байгаа бол арилжааны орлого мөн өснө гэж үзэж байна.

PNC-ийн гүйцэтгэх захирал Билл Демчак, "Би энэ жилийн төлөвлөгөөгөө удирдах зөвлөлийнхөндөө танилцуулахад урьд өмнө байгаагүйгээр өөдрөг үзэлтэй байлаа" гэж хэлжээ.

Банкнуудын энэхүү өөдрөг хандлага нь 2024 онд өндөр хүүгийн түвшин дэх эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын банкны болон арилжааны салбарын сэргэлттэй холбоотой юм.

Сонгуулиас хойш томоохон банкуудын хувьцааны үнэ огцом өссөн бөгөөд Citigroup болон Goldman Sachs-ийн хувьцаа 12-13%-иар, JPMorgan Chase 10%-иар, харин PNC-ийн хувьцаа 8%-иар өссөн байна.

Банкнууд шинэ засаг захиргааны үед зээлийн илүү уян хатан бодлого, их хэмжээний ашиг олох боломжтой компаниудын нэгдлийг хялбаршуулсан журмыг хүлээж байна.

Гэсэн хэдий ч шинэ ерөнхийлөгчийн тариф нэмэгдүүлэх, татвар бууруулах, хууль бус цагаачдыг албадан гаргах зэрэг зорилтууд инфляцыг дахин өдөөх аюултай гэж JPMorgan Chase-ийн Лэйк онцолжээ.

"Бид улс төрийн тодорхой бус байдлаас бодлогын тодорхой бус байдал руу шилжсэн гэж бодож байна" гэж Лэйк хэлсэн байна.

Банкнууд зохицуулалтын бодлогын өөрчлөлтөд болгоомжтой хандаж байгаа бөгөөд бодлогын өөрчлөлт "сөрөг биш боловч томоохон өөрчлөлт хүлээхгүй" гэдгийг онцоллоо.