Responsive image
АНУ-ын онлайн борлуулалт Талархлын баярын эхний хагаст ойролцоогоор 4%-иар өсөв

АНУ-ын онлайн борлуулалт Талархлын баярын эхний хагаст ойролцоогоор 4%-иар өссөн нь өнгөрсөн жилийн 2%-ийн өсөлттэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлт юм гэж Salesforce компанийн Пүрэв гарагт танилцуулсан мэдээлэл харууллаа. Энэ нь жижиглэн худалдаачдын санал болгож буй гүн хямдралууд хэрэглэгчдийг татаж байгаагийн шинэ илрэл болж байна.

АНУ-ын жижиглэн худалдаачид энэ жил хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд хямдралын урамшууллыг эрт эхлүүлж, илүү өргөн хүрээтэй хөнгөлөлтүүдийг санал болгож байна.

Best Buy компанийн гүйцэтгэх захирал Кори Барри энэ долоо хоногт "Хямдралын үеэр борлуулалт буурах нь тодорхой байсан ч нөлөө нь хүлээгдэж байснаас илүү их байсан" хэмээн мэдэгдсэн нь Target компанийн удирдлагуудын энэ жилийн хямдралд хэрэглэгчдийн хариу үйлдэл илүү хүчтэй байсан гэсэн тайлбартай дүйцэж байна.

Kohl's болон Macy's зэрэг их дэлгүүрүүд борлуулалтын удаашралаас шалтгаалж энэ жилийн таамгаа болгоомжтой хандаж байгаа бол Abercrombie & Fitch болон Gap компаниуд загварлаг хувцасны эрэлт нэмэгдсэн тул борлуулалтын таамгаа өсгөөд байна. Walmart болон Amazon зэрэг томоохон компаниуд баярын худалдааны энэ улирлаас ашиг хүртэх магадлалтай байна.

Salesforce компанийн мэдээлснээр, АНУ-ын онлайн худалдан авалтын оргил үе нь Талархлын баярын өдөр оройн 7 цагаас шөнийн 12 цагийн хооронд байх бөгөөд энэ хугацаанд борлуулалтын 35% нь хийгдэх төлөвтэй байна. Энэ тоо нь олон мянган онлайн жижиглэн худалдаачдын хэрэглэгчдийн хөдөлгөөний хандлагаас үндэслэсэн аж.

Үндэсний жижиглэн худалдааны холбоо болон Deloitte компанийн тусдаа тайланд дурдсанаар энэ жилийн баярын улирлын борлуулалт сүүлийн зургаан жилийн хамгийн удааширсан өсөлттэй байх төлөвтэй байна.

Salesforce компанийн тайланд 2023 онд АНУ-д Талархлын өдөр онлайн борлуулалт 7.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 1%-иар өссөн үзүүлэлт байв.

11-р сарын 20-нд тус компани Талархлын баярын өмнөх Мягмар гарагаас дараагийн Даваа гараг хүртэл үргэлжлэх Cyber Week үеэр дэлхийн хэмжээнд 311 тэрбум ам.долларын борлуулалт хийгдэх таамаг дэвшүүлжээ.

Adobe Analytics-ийн мэдээлснээр, Талархлын өдөр тоглоом, цахилгаан хэрэгсэл, тавилга болон спортын хэрэгсэл худалдан авах хамгийн тохиромжтой өдөр байх болно.