Responsive image
Хар Баасан гараг - нэр хүнд нь бага зэрэг буурсан ч чухал ач холбогдлоо хадгалсаар байна

АНУ болон бусад улс орнуудын жижиглэн худалдаачид сүүлийн хэдэн долоо хоногийн турш улам сонирхолтой хямдралуудаа сурталчилж, харин одоо тэд хамгийн чухал цаг үед бэлдэж байна: Хар Баасан гараг. Энэхүү онцгой хямдралын өдөр нь баярын улирлын худалдааны албан бус эхлэл хэвээр үлдэж байгаа бөгөөд хэдийгээр нэр хүнд нь бага зэрэг буурсан ч чухал ач холбогдлоо хадгалсаар байна.

Уламжлалт дэлгүүр, худалдааны төв, томоохон жижиглэн худалдаачид баярын өдрөөс хойших энэ өдрийг худалдан авагчдыг физик дэлгүүрүүд рүү татах боломж гэж үздэг. Цахим худалдаа түгээмэл болсон ч Хар Баасан гараг нь жижиглэнгийн худалдааны хамгийн их хөл хөдөлгөөнтэй өдөр хэвээр байна.

Техасын оршин суугч Эмили Филлипс Даллас дахь Galleria худалдааны төвд зочлох үеэрээ хэлэхдээ, “Би энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг. Би жилийн турш хүссэн зүйлээ цуглуулж, Хар Баасан гарагт худалдаж авдаг. Дэлгүүрт биечлэн очиж худалдан авалт хийх нь илүү дээр. Учир нь би барааг туршиж үзэх боломжтой,” хэмээжээ.

АНУ-ын хувьд шинжээчид энэ баярын улирлын худалдааг өнгөрсөн жилийнхээс бага зэрэг удаашралтай боловч тогтвортой байх төлөвтэй гэж үзэж байна. Үнийн өсөлт саарсан ч олон хэрэглэгч санхүүгийн дарамттай хэвээр байгаа учир хянамгай хандаж буй нь нөлөөлж байгаа юм.

Энэ жил Талархлын өдөр болон Зул сарын баярын хоорондох хугацаа тав хоногоор богино байгаа тул жижиглэн худалдаачид худалдан авагчдыг эрт, их хэмжээгээр худалдан авалт хийхийг уриалж байна.

Миннесота мужийн Блүүмингтон дахь Mall of America худалдааны төв нь хойд хаалгаар орж буй эхний 200 хүнд 25 ам.долларын бэлгийн карт бэлэглэхээр төлөвлөжээ. Харин Target (TGT) компани алдартай дуучин Тейлор Свифтийн “Eras Tour” ном болон түүний “The Tortured Poets Department: The Anthology” цомгийн тусгай хувилбарыг зөвхөн Хар Баасан гарагт дэлгүүрт худалдаалах бөгөөд маргаашаас эхлэн онлайнд худалдаанд гаргах аж.

Best Buy (BBY) ч бас онцгой хямдрал буюу “doorbuster” урамшууллыг шинэ хэлбэрээр санал болгож байна. Тус компани 11-р сарын 8-наас эхлэн Баасан гараг бүр апп, онлайн болон дэлгүүрээр дамжуулан хямдрал зарласан бөгөөд энэ кампанит ажлаа 12-р сарын 20 хүртэл үргэлжлүүлэх юм.

Circana судалгааны компанийн ахлах зөвлөх Маршал Коэн хэлэхдээ, “Жижиглэн худалдаачид Хар Баасан гараг амжилттай байхыг маш их хүсч байна. Тэд онлайнаар том амжилт олох боломж хомс гэдгийг ойлгосон. Тиймээс дэлгүүрүүдэд ялалт байгуулах арга зам олох хэрэгтэй,” гэв.

Түргэн худалдан авалт болон өөртөө бэлэг авах нь худалдааны өсөлтийн чухал хэсэг болно гэж Коэн үзэж байна. Судалгаагаар хүмүүс дэлгүүрт гурван дахин их импульс худалдан авалт хийдэг байна.

10-р сард АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өссөн гэж Худалдааны яам мэдээлсэн бөгөөд үүнд автомашины борлуулалт голчлон нөлөөлсөн ч цахилгаан бараа болон рестораны борлуулалт ч өссөн байна.

Гэсэн хэдий ч Best Buy, Target зэрэг компаниудын хамгийн сүүлийн улирлын үр дүн нь зарим жижиглэн худалдаачид хэрэглэгчдийг татахад илүү бэрхшээлтэй тулгарч байгааг харуулжээ. Walmart (WMT) компанийн борлуулалт сайн байгаа ч Target компанийн борлуулалт сул байгааг онцолж байна.

Энэ жилийн баярын улиралд онлайнаар худалдаа эрчимтэй өсч, 11-р сарын 1-нээс 24-ний хооронд АНУ-ын хэрэглэгчид 77.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6%-иар өссөн үзүүлэлт юм.

Adobe Digital Insights-ийн судалгаагаар Хар Баасан гараг болон Кибер Даваа гараг хямдралын оргил үе байх бөгөөд хэрэглэгчдийн хямдралд хандах анхаарал илүү нэмэгдэж, худалдан авалтад хүчтэй нөлөөлөх болно гэж үзжээ.

Худалдаачид Хар Баасан гарагийг хамгийн чухал өдөр хэмээн үргэлжлүүлэн онцолж, энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байх нь баярын улирлын хандлагыг тодорхойлох чухал үзүүлэлт гэж үзэж байна.