Responsive image
Perplexity AI компани 9 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна

Калифорнид байрладаг хиймэл оюун ухааны Perplexity AI компани шинэ хөрөнгө оруулалтын үеэр 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ удаагийн хөрөнгө оруулалтыг Institutional Venture Partners (IVP) хэмээх венчур сан тэргүүлж байгаа бөгөөд тус сан Perplexity компанийн ТУЗ-д суудалтай юм.

Perplexity AI компани 2024 оны 1-р сард IVP-ийн тэргүүлсэн санхүүжилтийн үеэр 73.6 сая ам.долларыг татаж, тухайн үед компанийн үнэлгээ 520 сая ам.доллар байсан юм.

OpenAI-ын ChatGPT зэрэг технологи амжилттай гарсан нь хиймэл оюун ухааны стартапуудад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Том хэмжээний хэлний загваруудыг бүтээхэд олон тэрбумын хөрөнгө шаардлагатай байдаг бөгөөд үүний жишээ нь OpenAI өнгөрсөн сард 6.6 тэрбум ам.долларын санхүүжилт татсан явдал юм. Үүний улмаас OpenAI-н үнэлгээ 157 тэрбум ам.доллар болж, дэлхийн хамгийн үнэтэй хувийн компаниудын нэг болоход ойртсон байна.

ChatGPT зах зээлд гарснаас хойш хэвлэн нийтлэгчид AI chatbot-уудын хууль бус контент ашиглалтыг эсэргүүцэн шүүмжилж байгаа. News Corp-ийн эзэмшилд байдаг хэвлэлийн компаниуд Perplexity-г хууль бус аргаар тэдний агуулгыг хуулбарлан ашиглаж байна хэмээн 10-р сард шүүхэд өгчээ. New York Times сонин мөн Perplexity-д “үйл ажиллагааг зогсоох” шаардлага тавьсан байна.

Perplexity нь интернэтээс мэдээлэл хайж өгдөг хиймэл оюун ухааны компани бөгөөд Amazon-ий үүсгэн байгуулагч Жефф Безос болон Nvidia чип үйлдвэрлэгч компаниар дэмжигддэг.

Энэхүү AI стартап нь Alphabet компанийн Google-ийг давамгайлсан хайлтын зах зээлийг өөрчлөхөөр ажиллаж буй тэргүүлэх компаниудын нэг юм.