

ADNOC нь G42, Microsoft болон AIQ-тай хамтран энергийн салбарт анх удаа өндөр автономит хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байна
АНЭУ-ын энергийн томоохон компани ADNOC нь G42, Microsoft болон AIQ-тай хамтран энергийн салбарт анх удаа өндөр автономит хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгааг гүйцэтгэх захирал Султан Аль Жабер Абу Дабид болсон салбарын арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
АНЭУ бол АНУ-ын урт удаан хугацааны аюулгүй байдлын түнш бөгөөд газрын тосоор баялаг улсаараа Америкийн технологид илүү өргөн хүрээтэй нэвтрэхийг зорьж байна. Уг санаачилгыг засгийн газрын дэмжлэгтэй G42 компани удирдаж байгаа ба тус компани Microsoft-ийн 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 4-р сард хүлээн авч, АНЭУ-ын эдийн засгийг газрын тосноос хамааралгүй болгохыг зорьж байна.
"Хиймэл оюун ухааны хурдацтай өсөлт нь цахилгаанжуулалтын шинэ давалгаа үүсгэж байна, ялангуяа ChatGPT гарч ирснээс хойш 18 сарын дотор хэн ч төсөөлөөгүй хэмжээнд хүрлээ" гэж Жабер хэлэв. Тэрбээр мөн Үйлдвэр, Дэвшилтэт технологийн сайд, COP28-ын ерөнхийлөгчийн албан тушаалтай.
Agentic AI буюу автономит хиймэл оюун ухаан нь хиймэл оюун ухааны дараагийн шинэ чиглэлд тооцогдож байгаа бөгөөд энэ нь системд хэрэглэгчийн өмнөөс бие даан ажиллах чадвар олгодог.
"Энэ систем нь зөвхөн их хэмжээний мэдээллийг шинжлэхээс гадна, бие даан болон идэвхтэйгээр ажиллагааны сайжруулалтыг тодорхойлно" гэж Жабер хэлэв. "Газрын тосны хайгуулын судалгааг саруудаас хоногийн хугацаанд багасгана. Мөн үйлдвэрлэлийн таамаглалын нарийвчлалыг 90% хүртэл нэмэгдүүлнэ."
АНЭУ хиймэл оюун ухааны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд үүнд ChatGPT-тай төстэй араб, хинди хэлний чатбот хөгжүүлэлтийг багтаасан байна.
АНЭУ-ын албан тушаалтнууд хиймэл оюун ухааны салбарт тавьсан зорилго нь газрын тосны эрэлт буурсан үед ч олон улсын эдийн засгийн чухал байр суурьтай байхад тусална гэж үзэж байна.