

Meta (META) компанийн санхүүгийн гуравдугаар улирлын тайлан
Симбол: META
Facebook-ийн эх компани Meta (META) энэ лхагва гарагийн үдээс хойш санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцуулж, шинжээчдийн таамгаас давсан орлого болон ашиг олсноо зарлалаа. Тус компани 2024 оны 4-р улирлын орлогыг $45-48 тэрбум хооронд байх болно гэж төсөөлж байгаа бол шинжээчид $46.09 тэрбум орлого хүлээж байв. Гэвч тайлангийн дараа Meta-ийн хувьцаа 3%-иар буурчээ.
Meta-ийн санхүүгийн захирал Сюзан Ли хэлэхдээ: “2024 онд капитал зарцуулалт $38-40 тэрбум байх төлөвтэй байна. Бид 2025 онд ч капиталын зардлын өсөлт үргэлжилнэ гэж хүлээж байна” гэв. Энэ нь инфраструктурын зардал, элэгдлийн өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ.
Улирлын үзүүлэлтүүд
Meta энэ улиралд нэгж хувьцаанд $6.03 ашиг, нийт $40.5 тэрбум орлого олжээ. Шинжээчид нэгж хувьцаанд $5.25 ашиг, $40.2 тэрбумын орлого хүлээж байсан. Өнгөрсөн жилд нэгж хувьцаанд $4.50 ашиг, нийт $34.1 тэрбумын орлого байсан байна.
Meta-ийн сурталчилгааны орлого $39.8 тэрбум хүрч, шинжээчдийн таамаг $39.7 тэрбумаас давсан. Харин Reality Labs салбар нь Quest төхөөрөмжөөс $270 сая орлого олсон нь шинжээчдийн хүлээлт болох $312 саяас бага гарсан. Энэ салбар $4.4 тэрбумын алдагдалтай байжээ.
Meta-ийн хиймэл оюун ухааны стратеги нь Llama загваруудыг хэрэглэгч болон сурталчилгааны бүтээгдэхүүнд ашиглах, мөн нээлттэй эх үүсвэр болгон санал болгож байгаа явдал юм. Accenture, DoorDash, Goldman Sachs зэрэг байгууллагууд Llama-г ашиглаж байгаа аж.
Мөн Meta AI хайлтын үйлчилгээг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчдэд тухайн үеийн үйл явдлуудын талаар мэдээлэл авах боломжийг олгоно гэжээ. Энэ нь Meta-г Google эсвэл Microsoft-ийн хайлтаас хараат бус байхад туслах зорилготой юм.
Meta саяхан Meta Connect конференц амжилттай зохион байгуулж, Orion нэртэй шинэ AR шилний загварыг танилцуулсан. Энэ нь виртуал голограмын тусламжтайгаар бодит ертөнцөд бусадтай харилцах боломжийг олгох зориулалттай. Мөн Ray-Ban Meta ухаалаг шил, Quest 3S AR төхөөрөмжөө ч танилцуулжээ.
Гэсэн ч Meta-ийн AI болон техник хангамжийн хөгжүүлэлт их хэмжээний зардал шаарддаг. Энэ улиралд капитал зарцуулалт $9.2 тэрбум байсан байна.
Үүнээс гадна Meta нь өндөр түвшний хууль эрх зүйн сорилтуудтай тулгарч байгаа. Үүнд, компанийн монополь үйл ажиллагаа эрхэлж байгаа тухай АНУ-ын Холбооны Худалдааны Комиссийн (FTC) эсэргүүцэл, мөн өсвөр насныханд сөрөг нөлөө үзүүлдэг гэх шүүхийн нэхэмжлэлүүд багтаж байна.