

AMD (AMD) компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа мягмар гарагт гаргав
Симбол: AMD
AMD компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа мягмар гарагт гаргаж, компанийн цэвэр ашиг шинжээчдийн таамагтай нийцсэн бол орлогын хувьд давсан байна. Гэвч компани IV улирлын орлогоо 7.2 тэрбум – 7.8 тэрбум долларын хооронд гэж төсөөлсөн нь Уолл Стритийн 7.55 тэрбум долларын хүлээлтээс арай доогуур гарсан бөгөөд хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцсэнгүй.
Энэхүү мэдээллийн дараа AMD-ийн хувьцаа хиймэл оюун ухааны өсөлт буурах магадлалтай гэсэн айдсаар 5%-иар буурсан байна. Гэсэн ч гүйцэтгэх захирал Лиза Су “манай бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр” байгааг дурдсан. "Ирээдүйд өгөгдлийн төв, үйлчлүүлэгч болон суулгагдсан системийн салбарт бидэнд асар их өсөлтийн боломж бий" гэж тэрбээр онцлов.
Энэ улиралд AMD компанийн орлого 6.8 тэрбум долларт хүрч, хувьцааны ашгийн хэмжээ 0.92 доллар байсан нь шинжээчдийн таамагтай нийцсэн боловч орлогын хувьд 6.7 тэрбум доллар гэсэн таамгийг давжээ. Өнгөрсөн оны мөн үед компанийн орлого 5.8 тэрбум, хувьцааны ашиг 0.70 доллар байв.
AMD-ийн хамгийн чухал бизнесийн нэг болох өгөгдлийн төвийн салбар 3.5 тэрбум долларын орлого олсон нь шинжээчдийн 3.46 тэрбум долларын хүлээлтээс давж, 2023 оны мөн үеийн 1.59 тэрбум долларын орлогоос өссөн үзүүлэлт юм. Мөн компанийн дараагийн томоохон салбар болох CPU үйлдвэрлэл, өөрөөр хэлбэл, суурин болон зөөврийн компьютерт зориулагдсан процессорын борлуулалтын орлого 1.9 тэрбум долларт хүрсэн нь 1.71 тэрбум долларын хүлээлтээс давсан байна. Харин тоглоомын салбар 69%-иар буурч, 462 сая долларын орлоготой байсан нь өнгөрсөн оны 1.5 тэрбум доллартай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэхүү салбарт AMD-ийн Radeon график карт болон Xbox, PlayStation зэрэг тоглоомын консолд зориулсан чипүүдийн борлуулалт ордог.
Тоглоомын компьютерийн график карт болон консолын борлуулалт цар тахлын үеийн оргил үеэс хойш буураад байгаа бөгөөд тухайн үед хүмүүс гэртээ цагийг өнгөрүүлэхдээ эдгээр төхөөрөмжийг ихээр худалдан авч байсан юм.
AMD саяхан шинэ гурван төрлийн чипийнхээ талаар танилцуулсан бөгөөд үүнд 5-р үеийн AMD EPYC серверийн процессор, Instinct MI325X AI чип болон Ryzen AI Pro 300 чип багтаж байна. AMD-ийн хувьцааны үнэ өнгөрсөн 12 сард 72%-иар өссөн нь нийт зах зээлийн S&P 500 индексийн 41%-ийн өсөлтөөс давж, 35%-иар буурсан Intel-ийг хол орхижээ. Харин Nvidia (NVDA) компани 246%-ийн огцом өсөлттэй байгаа юм.
AMD нь Nvidia компанийн хиймэл оюун ухааны чипийн хамгийн том өрсөлдөгч боловч Nvidia зах зээлийн 75%-90%-ийг эзэлж байгаа тул өрсөлдөөн төдийлөн хүчтэй биш байна.