

Amazon (AMZN)-ийн хувьцаа буурсан нь өрсөлдөөн, зардлын дарамттай холбоотой гэв
Amazon (AMZN)-ы хувьцаа даваа гарагт 3%-аар буурсан бөгөөд Wells Fargo (WFC)-ийн шинжээчид компанийн үүлэн үйлчилгээний зах зээл дэх давуу байдал нь ашиг орлогын маржинтай тулгарах бусад бэрхшээлүүдээс сэргийлж чадахгүй хэмээн үнэлж, хувьцааг доогуур үнэлжээ.
Wells Fargo-ийн шинжээч Кен Гаврелски хувьцааг Overweight буюу өндөр үнэлгээтэйгээс Equal Weight буюу дундаж үнэлгээтэй болгож, зорилтот үнийг $225-аас $183 болгож бууруулжээ.
“Amazon нь ихэвчлэн эерэг түүхтэй байсан ч бид ойрын хугацаанд хувьцааны үнэлгээнд дарамт үзүүлэх хүчин зүйлүүд байгааг харж байна" гэж тэрээр даваа гарагт тэмдэглэсэн байна.
Amazon-ыг сорьж буй сорилтууд нь Walmart (WMT)-аас үүсэх өрсөлдөөн, компанийн зар сурталчилгааны бизнесийн орлогын хязгаарлагдмал өсөлт, мөн хиймэл дагуулын өргөн зурвасын төсөлтэй холбоотой өндөр зардлууд юм.
“Эдгээр бэрхшээлийг харгалзан үзэхэд, Amazon нь ашгийн маржины өсөлтийн түүх хэвээр байгаа ч энэ нь зах зээлийн хүлээлтээс бага хурдтай байх магадлалтай" гэж Гаврелски бичжээ.
Гаврелски нь хувьцааг худалдан авахыг санал болгодоггүй Wall Street-ийн тавхан шинжээчийн нэг бөгөөд тэрээр Amazon-ын хувьцааг ирэх жил $187 үнэтэй байх болно гэж үзэж байна. Гэтэл Wall Street-ийн шинжээчид Amazon-ын хувьцаа ойролцоогоор 20%-аар өсөж, $220 орчим үнэтэй болохыг урьдчилан таамаглаж байна.
Amazon-ын энэ оны наймдугаар сард гаргасан хамгийн сүүлийн санхүүгийн тайлан нь шинжээчдийн таамаглалаас доогуур байсан ч түүний үүлэн үйлчилгээний салбарын амжилт нь жижиглэнгийн худалдааны өсөлтөөс илүү сайн үзүүлэлттэй гарсан. AWS буюу Amazon Web Services нь хиймэл оюун ухаантай холбоотой үйлчилгээгээ үзүүлж, 2-р улиралд 26.3 тэрбум долларын орлого олж, өнгөрсөн оныхоос 19%-иар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Түүнчлэн, AWS нь хиймэл оюун ухааны үйлчилгээнүүдийг үйлчлүүлэгчдэд хүргэхийн тулд Amazon-ын алслагдсан дата төвүүдийн зай талбайг ашиглах замаар ихээхэн ашиг олж байна. Amazon нь хиймэл оюун ухааны зах зээлээс олон тэрбум долларын орлого олох болно гэж үзэж байгаа ч Wells Fargo-гийн шинжээчид компанийн бусад салбаруудын бууралт нь ашиг өсөлтийг хязгаарлаж болзошгүй гэж үзэж байна.
Гаврелски-гийн хэлснээр Walmart-ын бараа нийлүүлэлтийн өрсөлдөөн Amazon-д дарамт үзүүлж, бүтээгдэхүүн хадгалах, савлах, тээвэрлэх үйлчилгээнээс олдог ашгийг багасгах магадлалтай. Walmart-ын үйлчилгээний үнэ Amazon-оос ойролцоогоор 15%-аар хямд байгааг тэрээр онцолсон байна.
Мөн Amazon-ы хиймэл дагуулын интернет үйлчилгээ үзүүлэх Project Kuiper төслийн зардал нь 2025 болон 2026 онд 3 тэрбум ам.доллараар компанийн ашгийг бууруулна гэж шинжээчид үзэж байна. Зар сурталчилгааны орлого ч удаашрах хандлагатай байгааг шинжээчид онцолжээ.
Мөн даваа гарагт шүүгч Amazon-ы эсрэг Холбооны Худалдааны Комиссын өргөн барьсан өрсөлдөөний эсрэг хэрэг шүүхээр үргэлжлэхийг зөвшөөрчээ.
Wells Fargo-гийн таамаглаж байгаагаар Amazon 3-р улирлын үр дүнгээр зах зээлийн хүлээлтээс давж магадгүй юм. Тэд компанийн нэгж хувьцааны ашиг 1.18 ам.доллараас 1.26 ам.доллар болохыг таамаглаж байгаа нь зах зээлийн дундаж хүлээлт болох 1.15 ам.доллараас өндөр үзүүлэлт юм.
Он гарсаар Amazon (AMZN) компанийн хувьцаа 18.99%-иар өссөн үзүүлэлттэй байна.