

Pfizer Inc. (PFE)-ийн хувьцаанд томоохон хөрөнгө оруулалтын компани 1.0 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийв
Starboard Value нэртэй алдартай хөрөнгө оруулалтын компани Pfizer Inc. (PFE) компанид 1 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшиж, эм үйлдвэрлэлийн томоохон компани болох Pfizer-ийн үйл ажиллагааг сэргээхэд оролцохоор төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээллээ. Starboard компани Pfizer-ийн хуучин гүйцэтгэх захирлууд болох Ian Read болон Frank D’Amelio нарыг энэ үйл хэрэгт оролцохыг урьсан бөгөөд тэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ. Гэхдээ тэдний ямар хэлбэрээр хамтран ажиллах нь тодорхойгүй байна. Read нь 2010-2018 оны хооронд Pfizer-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд одоогийн гүйцэтгэх захирал Albert Bourla-г өөрийн залгамжлагчаар сонгосон юм. D’Amelio нь 2007-2021 оны хооронд санхүүгийн албаны захирлаар ажиллаж байжээ.
Starboard-ын үйл ажиллагааны төлөвлөгөө болон компанитай хэрхэн холбогдох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү компани Pfizer-ийн цар тахлын дараах уналтад сэтгэл дундуур байгаа талаар мэдээлсэн байна.
Тус мэдээтэй холбогдуулан Pfizer компанийн хувьцааны үнэ даваа гарагийн өглөө бирж нээгдэхээс өмнөх арилжаагаар 2.5%-иар өссөн байгаа бөгөөд он гарснаас хойш хувьцаа нь 0.73%-иар унасан үзүүлэлттэй байна. Харьцуулахад S&P 500 индекс 2024 онд 21%-ийн өсөлттэй байна.
Covid-19-ийн вакцин болон эмчилгээнүүд нь тус компанийн орлогыг 2020 онд 42 тэрбум ам.доллараас 2022 онд 100 тэрбум ам.доллар хүртэл хоёр дахин нэмэгдүүлсэн боловч сүүлийн үед Covid-ийн бүтээгдэхүүний эрэлт эрс багассан байна.
Wall Street-ийн шинжээчид Pfizer компани цар тахлын үеийн асар их орлогыг орлох шийдэл олох эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сараас хойш хувьцааны үнэ 50 гаруй хувиар буурсан байна.
“Starboard компанийн зүгээс Pfizer-ийн уналтыг зогсоох оролдлого хийх нь тийм ч гайхмаар зүйл биш юм” гэж Mizuho-ийн эрүүл мэндийн салбарын шинжээч Jared Holz ням гарагийн орой тэмдэглэжээ. “Pfizer-ийн бизнесийн стратеги нь өдий хүртэл өгөөжөө өгөөгүй байгаа нь Starboard-ыг энэ үйл хэрэгт татсан шалтгаануудын нэг байж болох юм.”
Pfizer бол Starboard шиг идэвхтэй хөрөнгө оруулалтын компаниудад тохирсон компанийн нэг боловч "компанийн олон асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байх магадлалтай" гэж BMO Capital Markets-ийн шинжээч Evan Seigerman тэмдэглэжээ.
Pfizer компани сүүлийн үед хавдрын эсрэг эм бэлдмэлүүдийг сонирхож байгаа бөгөөд өнгөрсөн онд 43 тэрбум ам.доллараар Seagen Inc. компанийг худалдан авсан байна. Гэвч тус компанийн хэт таргалалтын эсрэг эм боловсруулах ажилд хүндрэл учирсан бөгөөд энэ оны эхээр булчингийн дистрофийн эсрэг эмийг хөгжүүлэх туршилт амжилтгүй болсон байна. Саяхан Pfizer компани дэлхий даяар сэргээн засах эмийг зах зээлээс татах шийдвэрийг гаргасан юм.
Энэ эм нь Pfizer-ийн 2022 онд 5.4 тэрбум ам.доллараар худалдан авсан Global Blood Therapeutics компанийн нэг хэсэг байсан юм. Starboard үүнийг муу үр дүнтэй худалдан авалтуудын нэг гэж үзэж байна. Түүнчлэн Pfizer компани Biohaven (11.6 тэрбум ам.доллар) болон Arena Pharmaceuticals (6.7 тэрбум ам.доллар) зэрэг компаниудыг худалдан авсан бөгөөд эдгээр нь үр ашиг муутай хөрөнгө оруулалтууд байжээ.