

Nvidia (NVDA) цоо шинэ хиймэл оюун ухааны загвар гаргасан байна
Nvidia (NVDA) нь OpenAI болон Google (GOOG) зэрэг салбарын тэргүүлэгчдийн хиймэл оюун ухааны загвартай өрсөлдөх хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг гаргасан байна. Одоогийн байдлаар олон нийтийн дунд хамгийн алдартай байгаа ChatGPT-г OpenAI компани эзэмшдэг бөгөөд тус хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлсэн код нь компанийн дотоод мэдээлэлд хамрагдаж олон нийтээс хаалттай байдаг. Google мөн өөрийн хөгжүүлсэн Gemini загварыг бүтээгдэхүүн хэлбэрээр олон нийтэд үнэгүй санал болгож байгаа ч загварыг бүтээхэд ашигласан код нь хаалттай хэвээр байсаар байна.
Тэгвэл Nvidia-ийн NVLM-D-72B параметрийн 72 тэрбум параметрээр удирдуулсан NVLM 1.0 large multimodal language загвар нь зураг болон ярианы түвшний даалгавруудын хувьд онцгой гүйцэтгэлийг харуулахын зэрэгцээ текст бичих чадвар нь ч сайжирсан байна. Нийтэлсэн судалгааны ажилд “Бид NVLM 1.0-ийг танилцуулж байна. Бүтээсэн код нь олон нийтээс хаалттай бөгөөд компанийн өмчлөлд байдаг хиймэл оюун ухааны загвар (жишээ нь, GPT-4o) болон бүтээсэн код нь олон нийтэд нээлттэй байдаг хиймэл оюун ухааны загваруудтай өрсөлдөхүйц түвшний large multimodal language загвар юм” гэжээ.
Хиймэл оюун ухааныг сургах болон загварыг бүтээхэд ашигласан кодыг олон нийтэд нээлттэй болгохоо амласнаар Nvidia дэвшилтэт хиймэл оюун ухааны системийг хаалттай байлгах бусад компаниудын жишгээс салж байна. Энэхүү шийдвэр нь судлаачид болон хөгжүүлэгчдэд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг ашиглах боломжийг олгож байна.
NVLM-D-72B: Зургийн болон текстийн даалгаврыг гүйцэтгэх олон талын чадвартай
NVLM-D-72B загвар нь визуал болон текстийн нарийн төвөгтэй оролтыг боловсруулахад гайхалтай дасан зохицох чадварыг харуулдаг. Судлаачид тус загвар нь хошигнол агуулсан зургийг тайлбарлах, зурагт дүн шинжилгээ хийх, математикийн асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх чадварыг онцолсон жишээнүүдийг үзүүлэв.
NVLM-D-72B нь олон төрлийн датан дээр ажиллаж суралцах тусмаа текст дээр ажиллах чадвар нь үнэмлэхүй нэмэгддэг байна. Үүнтэй ижил төстэй загваруудын текст дээр ажиллах чадвар буурч байгаа бол NVLM-D-72B-ийн текст дээр ажиллах чадвар нь дунджаар 4.3 оноогоор нэмэгдэж байна.
Хиймэл оюун ухааны судлаачид Nvidia-ийн нээлттэй эхийн санаачлагыг туршиж төрөл бүрийн санал хэлж байна
Хиймэл оюун ухааны нийгэмлэг энэ хувилбарыг эерэгээр хүлээж авсан. Өөр нэгэн хиймэл оюун ухаан судлаач сошиал сүлжээнд бичихдээ “Хөөх! Nvidia дөнгөж сая 72B загвар гаргасан бөгөөд математик, кодчиллын үнэлгээний чиглэлээр llama 3.1 405B-тай тэнцэхүйц мөртлөө үүнээс гадна зурган дээр ажиллах чадвартай юм байна" гэжээ.
Nvidia компани ийм хүчирхэг загварыг олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргасан нь хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийг салбарын түвшинд хурдасгах болно. Асар их хөрөнгөтэй технологийн компаниудын хиймэл оюун ухааны системтэй өрсөлдөхүйц загварыг олон нийтэд ил тод болгосноор Nvidia нь жижиг байгууллагууд болон бие даасан судлаачдад хиймэл оюун ухааны дэвшилд илүү их хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаа юм.
NVLM төсөл нь архитектурын шинэлэг загваруудыг нэвтрүүлж, олон төрлийн боловсруулалтын техникийг хослуулсан юм.
NVLM 1.0: Нээлттэй эхийн хиймэл оюун ухааны хөгжлийн шинэ бүлэг Nvidia NVLM 1.0 хувилбарыг гаргасан нь хиймэл оюун ухааны хөгжлийн чухал мөчийг харуулж байна. Технологийн аварга компаниудтай өрсөлдөхүйц загварыг нээлттэй эх сурвалж болгосноор Nvidia зөвхөн код хуваалцаад зогсохгүй хиймэл оюун ухааны салбарын одоогийн жишгийг өөрчилж байна.
Компанийн энэхүү шийдвэрийг дагаж бусад технологийн аварга компаниуд мөн өөрсдийн хиймэл оюун ухааны загварын кодыг олон нийтэд ил тод болгож магадгүй. Ингэснээр томоохон компаниудын давуу тал багасаж жижиг баг, судлаачдад нэгэн цагт технологийн аваргуудад зориулагдсан багаж хэрэгслээр инноваци хийх боломжтой болно.
Гэсэн хэдий ч NVLM 1.0 хувилбар нь эрсдэлгүй биш юм. Хүчирхэг хиймэл оюун ухаан илүү хүртээмжтэй болохын хэрээр буруу хэрэглээ болон ёс зүйн үр дагавартай холбоотой асуудал улам бүр нэмэгдэх болно. Хиймэл оюун ухааны нийгэмлэг одоо хариуцлагатай ашиглах тухай хамгаалалт бий болгохын зэрэгцээ инновацийг дэмжих ажлуудтай тулгарч байна.
Nvidia-ийн шийдвэр нь AI бизнесийн загваруудад суурилсан компаниудын ирээдүйн талаар олон асуудлуудыг хөндөж байна. Хэрэв хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны загварууд үнэ төлбөргүй гарах юм бол компаниуд хиймэл оюун ухаанд хэрхэн үнэ цэнийг бий болгож, өрсөлдөх чадвараа хадгалах талаар дахин бодох хэрэгтэй болж байна.
NVLM 1.0 нь хиймэл оюун ухаанд урьд өмнө байгаагүй хамтын ажиллагаа, инновацийн эрин үеийг эхлүүлж магадгүй юм. Эсвэл өргөн боломжтой, дэвшилтэт AI-ийн хүсээгүй үр дагаврыг гаргахад хүргэж болзошгүй юм.