Responsive image
Nvidia (NVDA) компанийн бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байна

Гүйцэтгэх захирал Женсен Хуан лхагва гарагийн үдээс хойш телевизэд өгсөн ярилцлагадаа Nvidia (NVDA) компанийн үйлдвэрлэж буй хиймэл оюун ухааны хагас дамжуулагчдын эрэлт буюу худалдан авах хүсэлтэй компаниудын тоо хэтэрхий өндөр байна гэжээ. Компаниудад хиймэл оюун ухаан (AI) технологийг ашиглахад нь туслах зорилгоор мэдээллийн технологийн зөвлөх компани Accenture (ACN)-тай өргөтгөсөн түншлэл байгуулсан талаарх мэдээний тухай Женсен Хуан CNBC сувагт ярилцлага өгөх үеэрээ дурдав.

Лхагва гарагт 1.6%-иар өсөж хаагдсан Nvidia-ийн хувьцааны ханш он гарснаас хойш хоёр дахин өссөн бөгөөд технологийн аварга компаниуд хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгох зорилгоор Nvidia-ийн үйлдвэрлэсэн хагас дамжуулагчдыг их хэмжээгээр худалдан авч байна. Лхагва гарагт Accenture компанийн хувьцаа 1.2%-иар өсч, 2024 онд буюу он гарснаас хойш 1.5%-иар өссөн байна.

Хэлэлцээрийн хүрээнд Accenture нь Nvidia-ийн технологи, мөн Meta (META) Llama-ийн нээлттэй эхийн хиймэл оюун ухааны загваруудын цуглуулга зэргийн талаар үйлчлүүлэгчдэдээ хиймэл оюун ухааны тусгай шийдэл, чадавхийг бий болгоход туслах зорилгоор бэлтгэгдсэн зөвлөхүүдтэй шинэ бизнесийг байгуулах юм байна.

"Энэ хамтын ажиллагаа нь дэлхийн хиймэл оюун ухааны эрэлтийн ихээхэн хэсгийг хангах боломжийг бидэнд олгож байна" гэж Хуан хэлээд "энэ бол аж ахуйн нэгжийн хиймэл оюун ухаан хэмээх шинэ давалгааны эхлэл" гэж нэмж хэлэв.

Wedbush-ийн шинжээч Дэн Айвес Nvidia-ийн түншүүдийн экосистемийг бий болгох алхамыг технологийн хүчирхэг Майкрософт (MSFT) болон Oracle (ORCL)-тай зүйрлэж, Nvidia-н зах зээл дээрх байр суурийг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж үзжээ.