

Nike (NKE) орлого, үр дүнгийн тайлангаа тавив
Хувцасны брэнд Nike (NKE) компани 2024 оны 10 дугаар сарын 1-нд бирж хаасны дараа орлого, үр дүнгийн тайлангаа тавьсан бөгөөд уртасгасан цагийн арилжаагаар хувьцааны үнэ 5%-иар унасан байна. Борлуулалтын орлогын үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамаглалыг давж чадаагүй бөгөөд ирэх жилийн борлуулалтын орлогын төсөөллөө өсгөж чадаагүй байна.
Нэгж хувьцаанд ноогдох цэвэр ашгийн хувьд 0.70 ам.долларт хүрсэн нь Уолл Стритийн таамаглаж байснаас 0.52 ам.доллараас өндөр дүн байсан юм. Гэвч энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-иар буурсан үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ, Nike 11.59 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 11.65 тэрбум ам.доллараас бага буюу өмнөх оныхоос 10%-иар буурсан байна.
Nike компанийн хэрэглэгчдэд шууд хүргэх бизнес болон бөөний худалдааны салбарын борлуулалт унасан. Nike Direct-ийн орлого 4.7 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөх мөн үеэс 13%-иар буурсан үзүүлэлт юм. Бөөний худалдааны орлого 6.4 тэрбум доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 8%-иар буурсан байна.
Morningstar-ын хөрөнгийн шинжээч Дэвид Сварц Yahoo Finance-д өгсөн ярилцлагадаа Nike-ийн тайлан "хүмүүсийн хүлээгдэж буйтай адил" гэсэн юм. "Nike өнгөрсөн оны сүүлчээс буюу 2023 оны арванхоёрдугаар сараас хойш спортын хувцасны зах зээл тийм ч хүчтэй биш байгааг анхааруулсан. Мөн түүнчлэн шинэ загварын хувцас, өмсгөл, бүтээгдэхүүн гаргах нь 2025 оны санхүүгийн жилийн эхэнд амжилтыг олохооргүй байна" гэж Сварц хэлэв. "Одоогийн байдлаар бол Nike олон шинэ бүтээгдэхүүн гаргахгүй байгаагаас гадна зарим бүтээгдэхүүнээ хүртэл зах зээлээс татан авч байна" гэж үргэлжлүүлэв.
Компани гүйцэтгэх захирлаа солих болсноо зарласнаас хойш Nike анх удаагаа орлого үр дүнгийн тайлангаа тавьлаа. Өмнө нь Nike компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан Эллиотт Хилл 10-р сарын 14-нд Жон Донахогийн оронд гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэх юм. Анх энэ мэдээ гарахад Nike-ийн хувьцаа нэг өдөрт 10% хүртэл өсгөсөн.
Борлуулалтын өсөлт удааширч, On (ONON) болон Deckers (DECK) Hoka брэнд зэрэг өрсөлдөгчдийн дарамтаас болж Nike-ийн хувьцаа энэ жил унасан бөгөөд 9-р сарын 19-нд гүйцэтгэх захирал солигдохоос өмнө 25 гаруй хувиар уналаа. "Спортын хувцасны энэ салбар одоо таван жилийн өмнөхөөс хамаагүй илүү өрсөлдөөнтэй болсон" гэж Сварц хэлэв. "Донахоэ үүнийг жаахан оройтож ойлгосон байх."
"Nike"-ийн орлого энэ улиралд 8% -иас 10% -иар буурах төлөвтэй байгаа тухай компанийн зүгээс мэдэгдсэн бөгөөд энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 6.7% -иар буурах хүлээлтээс муу үр дүнтэй байна. Тус компани ийнхүү сүүлийн 6 улирал дараалан борлуулалтын орлого нь буурсан үзүүлэлттэй байна.
Даваа гарагийн өглөө Jefferies-ийн шинжээч Рандал Коник үйлчлүүлэгчиддээ бичсэн тэмдэглэлдээ 2026 оны санхүүгийн жил хүртэл шинээр томилогдох гүйцэтгэх захирал нь Nike-ийн орлого үр дүнд нөлөөлнө гэж бодохгүй байна гэжээ. Тиймээс Коник тус компанийн хувьцаа энэ жилд багтаж сэргэх магадлал тун бага байна гэсэн байна.