Responsive image
Intel компанийг Qualcomm худалдаж авах уу?

Wall Street Journal-ийн мэдээлэлснээр бол Qualcomm Inc (QCOM) хагас дамжуулагч үйлдвэрлэгч Intel (INTC) компанийг худалдаж авах тухай хэлэлцэж эхэлсэн байна. Гэхдээ энэ хэлэлцээр нь дөнгөж эхэлж байгаа бөгөөд тодорхой болсон зүйл байхгүй байна.

Intel компанийн зах зээлийн үнэлгээ 93.5 тэрбум ам.доллар байгаа нь Qualcom Inc-тэй харьцуулахад хоёр дахин бага байгаа ч хэрвээ тус хэлэлцээр амжилттай явбал хагас дамжуулагчийн секторт гарсан хамгийн өндөр дүнтэй хэлцлүүдийн нэг болох юм.

Intel, Qualcom Inc нарын хувьцаа нь АНУ-ын зах зээлд нээлттэй арилжаалагддаг. Нээлттэй арилжаалагддаг компанийн хувьцааг худалдаж авах хэлэлцээр нь амжилттай болсон тохиолдолд зах зээлийн үнэлгээнээс илүү өндөр үнэлгээгээр худалдаж авдаг. Учир нь тэгж байж л нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчид компаниаа зарахыг зөвшөөрөх юм. Тэгхээр энэ хэлцэл амжилттай явбал Qualcomm одоо байгаа Intel-ийн зах зээлийн үнэлгээг давсан үнээр худалдаж авах юм.

Иймээс энэ төрлийн шуугиан гарсан тохиолдолд зарагдах компанийн хувьцаа өсдөг тогтмол жишиг байдаг. 9-р сарын 21-ний өдөр Intel (INTC) компанийн хувьцаа 21.84 ам.доллар дээр буюу өмнөх өдрөөсөө 3.31%-иар өссөн үзүүлэлттэй хаагдсан байна. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 56.54%-иар унасан бол 1 жилийн хугацаанд 39.9%-иар унажээ.

Qualcom Inc. (QCOM)-ийн хувьд бол 9-р сарын 21-ний өдөр хувьцаа нь 168.92-т хүрч өмнөх өдрөөсөө 2.87%-иар буурчээ. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 16.8%-иар өссөн байгаа бол нэг жилийн хугацаанд 52.6%-иар өсчээ.

Intel компани нь АНУ-д байршилтай компютерийн хагас дамжуулагч буюу semiconductor chip үйлдвэрлэгч бөгөөд бүтээгдэхүүний дэвшил, туршлагаараа өөрийн өрсөлдөгч болох Taiwan Semiconductor Manufacturing Co.,-д хаягдаад байгаа юм. Тиймээс ч олон төрлийн өөрчлөлтийг авчирна гэж энэ онд амлаад байгаа. Харин Qualcom Inc. нь ухаалаг утасны процессорын дизайн гаргагч хамгийн том компани бөгөөд өөрсдийн үйл ажиллагаагаа өөр төрөлрүү нэмэгдүүлмээр байгаа юм. Одоогийн байдлаар тэдний хагас дамжуулагчийг Taiwan Semiconductor Manufacturing Co. үйлдвэрлэдэг бөгөөд Intel-ийг авснаар өөрийнхөө хагас дамжуулагчийг АНУ-д үйлдвэрлэх боломжтой болох юм.